Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчид болон иргэний хариуцагчид, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-нд хянан хэлэлцлээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд Э.Оюунчимэгийг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар таван жил хорих ял оногдуулжээ. Мөн Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 гаруй сая төгрөгийг төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогчдод олгуулах, нэр дурдсан 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 800 гаруй сая төгрөгийг гаргуулж хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь тусгай дансанд байршуулсан 7 тэрбум гаруй төгрөгийг нэр бүхий 11 352 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Оюунчимэгээс 5 тэрбум 950 гаруй сая төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогчдод олгуулах, нэр дурдсан иргэний хариуцагчдаас 6 тэрбум 810 гаруй сая төгрөгийг гаргуулж хохирогчдод олгуулах, Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь тусгай дансанд байршуулсан 7 тэрбум гаруй төгрөгийг нэр бүхий 11 352 хохирогчид хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэж, зарим иргэний хариуцагчдаас гаргуулж хохирогчдод олгох хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хохирогч, иргэний хариуцагчдын нэрс, иргэний хариуцагчдаас гаргасан төлбөрийн хэмжээг зөвтгүүлэхээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.