Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 10 хоног цагдан хорих саналыг шүүхэд гаргажээ. Уг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид өнөөдөр (2021 оны дөрөвдүгээр сарын 23) хүлээн авч хянан хэлэлцэв. Улмаар үргэлжлүүлэн хорих нь үндэслэлтэй хэмээн шийдвэрлэлээ. Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар хүртэл байдаг. Шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар уг нэг сарын 20 хоногийг шийдвэрлэсэн байна. Харин өнөөдрийн шүүх хуралдаанаар үлдсэн 10 хоногт үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний” хугацааг тухай бүр сар хүртэл хугацаагаар сунгахаар заасан байдаг. Н.Түвшинбаярыг бусдын биед хүнд гэмтэл учруулсан үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж буй билээ.