Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсний улмаас үйл ажиллагааг түр хязгаарласан. Гэхдээ зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон ёсоор хийхээр болжээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг өмнө товлон зарласны дагуу өнөөдөр (2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр) хянан хэлэлцэнэ. Мөн өдрийн шүүх хуралдаанаар нийт дөрвөн хэрэг хэлэлцэх бөгөөд шүүх хуралдааныг Zoom технологи ашиглан зайнаас явуулах юм.
Уг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд 687 дугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд хэлэлцээд 1458 дугаар магадлал гаргасан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд Э.Оюунчимэгт анхан шатны шүүхээс оноосон таван жил хорих ялыг хэвээр үлдээсэн. Гэхдээ шүүгдэгч, иргэний хариуцагчдаас гаргуулахаар заасан хохирол төлбөртэй холбоотой хэсгийг өөрчилсөн. Тодруулбал, Э.Оюунчимэгээс бүх төлбөрийг гаргуулах тогтоолын заалтыг өөрчлөн “Жи-тайм”-ыг Монголд оруулж ирээд өдгөө зугтсан М.Маратын битүүмжилсэн хөрөнгөөс авахаар болсон билээ.
“Жи тайм корпорейшн” ХХК нь 12 365 иргэнийг 27 965 хөтөлбөрт элсүүлж 11 398 иргэнд 25 801 307 70 төгрөгийн хор уршиг учруулсан гэдэг.