Увс аймагт 2020 онд гарсан гэмт хэргийн 37.5, 2021 оны хоёр сард үйлдсэн нийт гэмт хэргийн 50 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал, өмнөх онд 89, энэ оны хоёр сард дээрх төрлийн 16 гэмт хэргийг тус аймгийн прокурорын газраас хянажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 7 төрлийн хэрэг багтдаг бөгөөд үйлдэгдсэн гэмт хэргийг зүйл, анги тус бүрээр нь авч үзвэл 2020 онд үйлдэгдсэн 89 хэргийн 69 буюу 77.5 хувь нь, 2021 оны хоёр сард үйлдэгдсэн 16 хэрэг бүгд Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус аймгийн Улаангом, Тэс сумдад хамгийн их үйлдэгджээ. Тухайлбал, тус суманд өмнөх онд гарсан нийт хэргийн 42.6 хувь, энэ оны хоёр сард гарсан нийт хэргийн 68.7 хувь нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг байна.
Дээрх гэмт хэрэгт холбогдогчдын ихэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус болон бүрэн бус дунд боловсролтой 26-35 насны эрэгтэй хүмүүс байгаа ажээ.
Увс аймгийн прокурорын газар дээрх нөхцөл байдалд үндэслэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахуулахаар Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд албан бичиг, гэмт хэргийн гаралт их байгаа Улаангом, Тэс сумдад прокурорын мэдэгдэл тус тус хүргүүлсэн байна.