Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр хяналтын журмаар гаргасан 20 гомдлыг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ. Тэдгээрийн дунд олны анхаарал татсан нэг хэрэг багтсан нь Монгол Улсад мөнгө угаахыг завдсан хятадуудынх байв. 2019 оны аравдугаар сард манай улсад олноороо орж ирэн мөнгө угаасан, цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан гэх хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарт холбогдох хэргийг эхний хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гомдлын дагуу дээрх танхимын шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэх, эсэхийг нягталсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр зарим шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэрэгт холбогдсон өмнөд хөршийн иргэдийг гэм буруугүй, цагаатгах ёстой, хэргийг нэмж шалгах учиртай хэмээн давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргасан аж. Дээрх хүмүүст холбогдох хэргийг хянасан Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч хавтаст хэрэг, өмгөөлөгчдийн гомдолтой танилцаад хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа. Уг нь БНХАУ-ын дээрх иргэдэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гурван өдрийн турш хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргасан. Ингэхдээ биелүүлэх боломжгүй үндэслэлээр буюу 2019 оны аравдугаар сард БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн 800 гаруй хүний дунд багтан эх орондоо буцсан нэг хүнийг авчирч, тайлбар мэдүүлэг авах, шүүхэд дуудан ирүүлэхийг даалгасан юм. Эл шийдвэрийг НПГ-ын хяналтын прокурорууд үл зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан эсэргүүцэл бичсэн бөгөөд тус шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр болсон юм. Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзсанаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарын гэм буруутай, эсэхийг шийдвэрлэхээр болж байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа