-Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчиж, цэргийн цол олгож байна-
Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороонд бэлтгэл сургуулилтаа базааж, тус хорооны нэрийг гарган барилдаж байсан улсын гарьд М.Баяржавхлан нэг улстөрчийн дэмжлэгээр ХХЕГ-ын “Хилчин” спорт хороог удирдахаар болжээ. Улмаар ЗХЖШ-ын даргын тушаалаар түүнд хурандаа цол олгосон байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст тус дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Баргужин” ресторанд танхайрч, төлбөр төлөхөөс шалтгаалж эд зүйлийг нь эвдэн, 2.7 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд цагдаагийнхан түүнийг улсын харцага Л.Пүрэвжавын хамт эрэн сурвалжилж байсан ч хэрэг тэгсхийгээд замхарсан юм.
Тэгвэл өдгөө дээрх хорооны дарга болоход нь нэг улстөрч ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнтэй ярилцаж томилуулаад зогсохгүй хурандаа цол олгуулсан гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны гуравдугаар сарын 13-ны зарлигаар баталсан Цэргийн цол олгох журмын 2.2-т “Хурандаа цол олгуулах саналаа төрийн цэргийн байгууллын дарга, төрлийн цэргийн командлагч нар ЗХЖШ-ын даргад уламжилна” гэж заасныг үндэслэн уг цолыг нь нэг сарын өмнө олгуулжээ. Уг нь цэргийн цолыг олгохдоо цэргийн алба хаагчийн ёс зүй зэргийг харгалзан үзэхээр журамд заасан бөгөөд танхайн хэрэгт холбогдсон асуудал нь намжсан учраас ийнхүү дээд офицерын тоонд оруулсан бололтой.
Түүнчлэн ЗХЖШ-ын даргын тушаалаар Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайханыг дэд хурандаа цолоор шагнасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны гуравдугаар сарын 13-ны зарлигаар баталсан Цэргийн цол олгох журмын 3.6-д “Дайчилгаатай сургуульд оролцсон цэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн цолыг оногдуулан бүртгэгдсэн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн энэ журмаар тогтоосон цэргийн цол хоорондын хугацааг харгалзана”, 3.7-д “Дайчилгааны болон цэрэг-стратегийн сургалтад хамрагдсан цэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн цолыг цэргийн мэргэжил эзэмшиж, цэргийн тангараг өргөсөн нөхцөлд оногдуулан бүртгэгдсэн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн энэ журмаар тогтоосон цэргийн цол олгох хоорондын хугацааг харгалзан олгоно” хэмээн заасан. Тэгэхээр Д.Жаргалсайханы хувьд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа дайчилгаатай сургуульд оролцон цэргийн бэлтгэл үүрэгтэн болж, хошууч цол хүртсэн байдаг. Тэрбээр 2019 оны арваннэгдүгээр сард ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний бүтээн байгуулалт, дэмжлэгийн газрын дарга болсон юм. Цэргийн албаны тухай хуулийн 19.3-т “Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан офицер, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан 35 хүртэлх насны иргэнийг офицерын, 30 хүртэлх насны иргэнийг ахлагчийн албанд авч болох бөгөөд офицер, ахлагчийн албанд авах уг иргэнийг цэргийн бэлтгэл, сургалтад хамруулна”, 19.5-д нь “Алба хаах насны дээд хязгаарт хүрч цэргийн тэтгэвэр тогтоолгосон дээд офицер, офицер, ахлагч, энэ зүйлийн 19.3-т заасан наснаас хэтэрсэн цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг офицер, ахлагчийн орон тоонд ажиллуулахыг хориглоно”, 19.7-д “Офицерын удирдах албан тушаалд цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг ажиллуулахыг хориглоно” гэх заалтыг зөрчиж, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга болсон түүнд Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан журмаа зөрчиж дэд хурандаа цол олгосон байгаа юм. Цэргийн цол олгох журмын 4.1.4-т “Хошууч, дэд хурандаа” 60 сар буюу таван жилээс дээш гэж заажээ. Гэтэл жил гаруйнхны дараа дэд хурандаа цол шагнасан нь хууль, журам аль алийг нь зөрчсөн үйлдэл болов.