Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлээд хоёр жил болох гэж байна. Алт, мөнгөний өндөр агууламжтай хүдэр бүхий уг ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч гэх БНХАУ-ын иргэн Чен Банфа, Жин Жианмин, Ян Жингуан зэрэг хүний гар хөл болсон манай улсын иргэд цагдаагийн офицер, өмгөөлөгч, шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан, шүүгч нарт хамаатан садан, найз нөхөд, амрагийн холбоог нь ашиглан хахууль өгсөн дуулиант хэргийг гурван шатны шүүх өнгөрсөн жил хэлэлцэн эцэслэн шийдвэрлэсэн билээ. Улмаар 2018 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг, “220к резиденс” байрнаас эд мөрийн баримтаар хураан, битүүмжилсэн нэг сая 445 мянга 200 ам.долларыг улсын орлого болгож, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах шийдвэр гаргасан.
Ийнхүү төрийн өмчийн мэдэлд очсон дээрх ордын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 2887.85 га талбайд 2019 оны намар ашиглалтын лиценз олгож, тэндээс олсон орлогоор ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэснийг ч уншигчид мартаагүй.
Тэгвэл төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан үндэслэлээр өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-ынхан шалгаж эхэлсэн ч өдгөө хэрхсэн нь тодорхойгүй болов. Уг нь түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байсан юм. Тодруулбал, “Эрдэнэс силвер ресурс”-ийн ашиг орлогоос цугларсан 37 сая ам.долларыг Монголбанканд тушаах ёстой байж. Гэтэл Худалдаа хөгжлийн банканд хугацаатай хадгалж, хүүнээс нь хувьдаа ашиг олж байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн юм. АТГ-ынхан уг шалгалтын явцдаа дээрх 37 сая ам.доллар буюу 105 тэрбум гаруй төгрөгийг Монголбанканд тушаалгасан байдаг. Уг хэргийг ийнхүү шалгаж байтал НПГ-аас татаж хянахаар авсан бөгөөд өдгөө хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа юм.
Харин Худалдаа хөгжлийн банкнаас “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн данснууд дахь дансны үлдэгдлийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон бол, тус компанийнхан 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан 210 орчим тэрбум төгрөгийг олгоход бэлэн болсон гэдгээ илэрхийлээд байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа