Зэвсэгт хүчний анги салбарт хүний эрх зөрчсөн, цэргүүдээ зодож дарамталсан хэрэг шил шилээ даран гарч, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооныхон сонсгол хүртэл зохион байгуулсан. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамц согтуудаа байлдагч Ц.Б-ыг зодож, амийг нь хохироосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн үргэлжлүүлж буй. ЗХЖШ-ынхан ангийнх нь захирагчийг ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй, бусад албан тушаалтанд ч хариуцлага хүлээлгэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэслэгч Д.Гялбуужамц энгийн байгууллагад ажилладаг хоёр найзтайгаа ангийн байрлалын гадаа автомашинд архи уусан, улмаар Шалган нэвтрүүлэх байрны уулзалтын хэсэгт мөн нэг шилийг авч орж уусан нь батлагдсан аж. Архины аагаар салааныхаа цэргүүдийг жагсааж, дэглээд бусдын амийг бүрэлгээд буй.
Энэ явдлаас өмнө зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан ирсэн залуусыг дэглэж буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тархсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж дууссан байна. Дээрх хэргийг цэргийн албанаас халагдаад явсан Э.Мөнхбаатар, Н.Одмандах, Ц.Энхбат нар үйлдсэнийг тогтоон шалгаж дуусаад Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн аж. Хяналтын прокурор Э.Ариунболд тэдэнд Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн”, 28.4-1-т заасан “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт гэм буруутай, эсэхийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлож, хохирогч Э.Хүдэрчулуун, Б.Шинэбаяр, Ц.Амархүү нарыг хуралд оролцуулахаар болсон ч удирдлага нь “Цар тахлаас үүдэн цэргийн алба хаагчдыг гадагш гаргахгүй байгаа” хэмээсэн учраас ирэх сарын 5-ныг хүртэл хурлыг нь хойшлуулсан юм.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангитай холбоотой өөр нэг хэрэг гарсан нь тэгсхийгээд дарагдсан. Тодруулбал, буугаа шалгаж байгаад сум алдаж хөлөө буудсан хэмээн тухайн үедээ цухас мэдээлээд өнгөрсөн билээ. Тэгвэл бодит байдалд нэг алба хаагч нь нөгөөгөө шархдуулсан үйл явдал болсныг өдгөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа аж. Тус ангийн механик жолооч, ахлах ахлагч Х-ыг Хужирбулан дахь буудлагын талбайд сургалтын буудлага хийж дууссаны дараа БРДМ-2 хэмээх байлдааны хуягт машинд суурилуулсан байдаг ПКТ загварын пулемётоор дотор нь сууж байсан нэг алба хаагч нь буудаж хөлийг нь шархдуулсан аж. Тэд уг бууг машинаас нь салгах гэж байхад ийм явдал болсныг эх сурвалжууд баталсан юм. ПКТ загварын пулемёт нь 7.62 мм-ийн маш хүчтэй сумаар бууддаг, азаар аминаас нь холуур өнгөрсөн гэдгийг ч БХЯ, ЗХЖШ-ынхан хэлж буй гэнэ.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд хяналт тавьсан, Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгааг УЕПГ-аас танилцууллаа. Цэргийн албаны эсрэг 11 хэрэгт прокурорууд хяналт тавьснаас дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, тавыг нь мөрдөж буй юм билээ. Ганцхан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас харьяалах нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй цэргийн анги, салбарт гарсан гэмт хэргийг судалж үзэхэд эрүүгийн хоёр, зөрчлийн 28 хэрэгт зэвсэгт хүчний 330 дугаар анги, зэвсэгт хүчний 322 дугаар тусгай салбар, Дотоодын цэргийн тусгай салбарын алба хаагч нар холбогдсон байна. Тэдний олонх нь согтуугаар хэрэг, зөрчил үйлджээ. Цэргийн алба хаагчид ганцхан улиралд ингэж олноороо хэрэг зөрчилд холбогдож байхад Батлан хамгаалахын дэд сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн дарга Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дэд бөгөөд Зэвсэгт хүчний сахилга, дэг журмыг бэхжүүлэх салбар комиссын дарга, хурандаа Ц.Жавхланбаатар тэргүүтэн ус балгасан мэт суугаа нь зүйд нийцэмгүй.