УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дөрөвдүгээр сарын 18-ны орой согтуугаар автомашин жолоодож яваад ноцтой осол гаргасан. Цагдаагийн байгууллагаас түүнийг согтолтын зэргийг драйгер багажаар шалгахад 1.31 хувьтай гарсан байна. Тиймээс осол гаргагчийн цуснаас дээж авч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд тогтоолын хамт хүргүүлсэн гэнэ. Тухайн үед Б.Пүрэвдоржийн жолоопож явсан 6378 УНЦ дугаартай “Ниссан Тиана” загварын суудлын автомашин "Моннис" компанийн нэр дээр бүртгэлтэйг албаныхан хэлэв. Уг автомашины мэдээллийг smartcar.mn цахим хуудаснаас харахад эзэмшигч нь 43 удаагийн торгуультай юм байна. Улмаар торгууль, төлбөрөө барагдуулаагүй, тэр ч бүү хэл татвараа төлөөгүй гэх мэдээлэл байршуулжээ. Мөн 2020 оны хоёрдугаар сарын 1-нд эзэмшигч нь хурд хэтрүүлсэн үндэслэлээр торгуулж байсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар тодруулахад "Хан-Уул дүүрэг дэх хэлтэст иргэн Б.Пүрэвдоржтой холбоотой зөрчлийн хэргийг шалгаж байна. Хэргийг шалгаж дуусаагүй байхад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.