Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ирэх сард суллах, эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Улсын ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-2 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн өмнө нь гаргасан шийдвэрийг хянуулахаар дүгнэлт бичиж Улсын дээд шүүхэд хүргүүлсэн юм байна. Дээд шүүх дээх дүгнэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4-2, 3, 4 дэх хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж шийдвэрлэнэ. Үүний дараагаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах, эсэх асуудлыг эцэслэн шийдэх аж.
Өмнө нь тэднийг С.Зоригийн үхэлд буруутган, шүүхээс ял оноосон. Харин улстөрчид өнгөрсөн сард Б.Хурц нар Т.Чимгээ, Б.Содномдаржаад хилс хэрэг тохсон, эрүүдэн шүүсэн хэмээн зарлаж, улмаар дүрс бичлэгийг Төрийн ордонд ирсэн сэтгүүлчдэд үзүүлсэн билээ. Ийнхүү шинээр нөхцөл байдал үүссэн тул хэргийн талаар Ерөнхий прокурор дүгнэлт бичиж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн бололтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас:
41.1 дүгээр зүйл.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл
1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
41.4 дүгээр зүйл.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх хүсэлтийг шийдвэрлэх
2.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргана.
3.Шүүх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан бол энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
4.Шүүх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараахь шийдвэр гаргана:
4.1.тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах;
4.2.хэргийг прокурорт буцаах.