Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсний улмаас үйл ажиллагааг түр хязгаарласан.
Тус шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөсөн хугацаанд шүүгч, ажилтнууд гэртээ тусгаарлагдан биеийн эрүүл мэндийг тандсан, шинжилгээнд хамрагдсан зэрэг байдлыг харгалзан зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон ёсоор хийхээр болов.
Тухайлбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг өмнө товлон зарласны дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэх аж.
Э.Оюунчимэг нь М.Мурат гэгчтэй бүлэглэн 11 398 иргэнд 25.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг. 591 хавтас бүхий 11 398 хохирогчтой уг хэргийг Улсын дээд шүүх баасан гарагт эцэслэн шийдэх нь ээ.
Мөн өдрийн шүүх хуралдаанаар нийт дөрвөн хэрэг хэлэлцэх бөгөөд шүүх хуралдааныг Zoom технологи ашиглан зайнаас явуулах юм байна.