Ноолуур хулгайлахын тулд хүний амь нас хохироосон этгээдийг гурван жилийн дараа илрүүлэв. Уг хэрэг Баянхонгор аймагт 2018 онд гарсан гэнэ. Тодруулбал, "Баянхонгор сумын IV багийн нутаг Түйн голын эрэгт айл шатаж, хүн нас барсан байна" гэсэн дуудлага мэдээлэл 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд 04.10 цагт ирүүлсний дагуу тус аймаг дахь Цагдаагийн газраас хэргийг мөрдөж эхэлжээ. Шалгалтаар тус гэрт байсан 42 настай Д гэх эмэгтэй шатаж, нас барсан болохыг тогтоож байж. Дээрх хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран ажиллаж илрүүлсэн аж. Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 12-14-ний өдөр тус аймагт албан томилолтоор ажиллаж, хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн шалгаж, уг гэмт хэргийг 1996 онд төрсөн Н үйлдсэн болохыг тогтоон, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Уг гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа Н 2018 оны дөрөвдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө тус аймгийн Баянхонгор сумын нутаг Түйн голын эрэг Дээд Угалз гэх газарт оршин суух иргэн Д-гийн гэрээс ноолуур хулгайлах үедээ түүний биед халдан, ухаан алдуулж, улмаар гэрийг шатаан амь насыг хохироосон нь нотлох баримтуудаар тогтоогджээ.