Өмнөговь аймгийн Цагдаагийн газрынхан “Хаалт, хяналт” арга хэмжээний хүрээнд хулгайн замаар тээвэр хийсэн долоон жолоочийг илрүүлэв. Тодруулбал, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед маршрутын бус, хулгайн, шороон замаар тээвэр хийж, Улаанбаатараас Даланзадгад руу нэвтэрч ирсэн долоон автомашин бүхий 33 иргэнийг саатуулан шалгаж байна. Цогт-Овоо сумын постыг тойрон маршрутын бус замаар Даланзадгад суманд дөрөвдүгээр сарын 19-нд орж ирсэн эдгээр тээврийн хэрэгслийг эргүүл хяналтынхан илрүүлсэн юм. Энэ үеэр зугтах оролдлого хийсэн жолооч цагдаагийн автомашиныг мөргөх зөрчил гаргасан байна. Зөвшөөрөлгүй зорчин ирсэн 33 иргэн харьяаллын бус бөгөөд Цагаан хадны чиглэлд зорчиж буйгаа мэдээлжээ. Долоон автомашиныг журмын хашаанд саатуулж, 33 иргэдийг “Дэлгэрэх” буудалд тусгаарлан, аймгийн Эрүүл мэндийг газраас шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.