Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд автозамын зорчих хэсэгт автомашины осол гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр осол гаргагч нь Сүхбаатар дүүргийн III хороонд оршин суух Б.Пүрэвдорж гэх иргэн байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар зам тээврийн осол гаргасан гэдгийг цагдаагийнхан үгүйсгэсэнгүй. Түүнийг драйгер багажаар шалгахад 1.31 хувийн согтолттой гарсан байна. Тиймээс УИХ-ын гишүүний цуснаас дээж авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү шинжлүүлэхээр илгээжээ. Мөн Б.Пүрэвдорж гишүүнийг ГССҮТ-д хүргэжээ. Тэрбээр “Ниссан Тиана” загварын суудлын автомашинаар бусдын "Приус-20" загварын автомашиныг мөргөсөн гэнэ. Улмаар УИХ-ын гишүүний машинд гал авалцсан байна. Уг хэргийн газар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид нэг км замыг туулан 22.58 цагт очиж, “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан аж. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.