Нийслэлийн нутаг дэвсгэрийн дөрөвний нэг буюу 116 мянган га газар ойн санд хамаарагддаг бөгөөд үүний 82 га талбай ой модоор бүрхэгдсэн байдаг. Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт буюу Өвөр Гүнтэд Ойн тухай хуулийг зөрчиж, ойн сан бүхий хэсэгт олгосон газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгожээ. Цаашид нийтийн эрх ашгийг хангах, байгаль орчноо хамгаалах үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран Ойн тухай хууль, Усны тухай хууль, тогтоомжийг зөрчин олгосон газар эзэмших, ашиглах эрхийг цуцалж, ой дотор барьсан хашаа, байшингуудыг хуулийн дагуу буулгана. Мөн шийдвэр гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох, нэмж хууль бус шийдвэр гаргуулахгүй байхад анхаарч, хяналт тавина хэмээн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.