“Эгнэшгүй их” ХХК-ийнхан өнгөрсөн пүрэв гарагт "ТВ-9" телевизээр олон нийтийн дунд сугалаа зохион байгуулж, шууд дамжуулалт хийсэн. Ингэхдээ эфирээр цацагдаж буй нэвтрүүлгийн үеэр хонжвортой сугалааг хаясан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Уг асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж эхэлжээ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.4.4-т зааснаар эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгодог. Үүний дагуу тус яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл "Эгнэшгүй их" компанид олгосон байна. Сангийн яамнаас “Эгнэшгүй их” ХХК-ийнхний уг хууль бус байж болзошгүй дээрх үйлдлийн дараа тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар хууль тогтоомжийн дагуу шалгаж байгаа аж. Улмаар “Эгнэшгүй их” ХХК-ийн үйл ажиллагаа хууль тогтоомж зөрчиж, иргэдийн эрх ашигт хохирол учруулсан байж болзошгүй мэдээллийг ЭЦА, ШӨХТГ, Татварын ерөнхий газарт хүргүүлжээ. Мөн "ТВ-9" телевизээс "Эгнэшгүй их"-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ цуцалжээ.