ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хорих ангид энэ сарын 6-нд шүүхээс ял авч, дамжин ирсэн 80 гаруй хоригдогчоос коронавирусийн халдвар илэрч байсан. Энэ удаа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяраас коронавирусийн халдвар илэрлээ. Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-нд согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Түүнийг анх хорихт авчраад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарчээ. Улмаар түргэвчилсэн шинжилгээ давтан авах үед хариу нь эсрэг гарсан байна. Тиймээс уржигдар PCR шинжилгээ авснаар эерэг гэх түргэвчилсэн шинжилгээний хариу өчигдөр батлагджээ. ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас энэ талаар тодруулахад "Н.Түвшинбаяр камертаа ганцаараа хоригдож буй. Тиймээс Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй бусад хүн коронавирусийн халдвар аваагүй. 409 дүгээр хорих ангиас 461 дүгээр хорих ангид дамжин ирсэн, биеийн байдал нь хөнгөн иргэд эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй. Н.Түвшинбаяр мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эрүүл мэндийн байдал нь хэвийн" гэв.