ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас дараах сэрэмжлүүлгийг өглөө. Оросын Холбооны Улсаас гаралтай өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлох, зүй бус үйлдэл хийлгэх зэргээр даалгавар өгч өдөөн турхирдаг "Цэнхэр халим" тоглоомтой төстэй Selena_Jelena_Styles "гэх нэртэй тоглоом Фэйсбүүк, Тик Ток нийгмийн сүлжээнд профайл хаяг, групп үүсгэж өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж эхэлсэн байна. Энэ нь хэн нэгний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох холбогдох хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл юм. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай аж. Өмнө жилүүдэд монгол хүүхэд "Цэнхэр халим" тоглоомд донтож, амиа хорлохоос байшингийн дээвэр дээр явж байсныг ЭЦА-ныхан таслан зогсоосон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйл.
Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэхЭд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйл.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.