Соёлын тэргүүний дуучин С.Сэрчмаа энэ сарын 9-нд бичлэг хийж, "Никитон" хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун "онигоо" ярьсаныг "баталгаажуулсан" байдаг. Улмаар уг бичлэгийг "Сошиал видео Монголиа" фэйсбүүк хаягаас цахим орчинд байршуулсан нь олон нийтийг "Нэг нь хүчингийн гэмт хэргийг онигоо мэтээр ярьж, нөгөө нь хохирогчийг шоолж инээлээ" хэмээн ихээхэн бухимдахад хүргэсэн. Мөрдөн байцаах албанаас уг мэдээллийн мөрөөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж, тус дүүргийн VI хорооны нутаг дахь амралтын газарт болсон явдлыг шалгуулахаар албан бичиг илгээсэн байна. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс мөрдөх шалгах ажиллагаа явуулаад, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналаа прокурорт хүргүүлсэн гэнэ. Харин прокурорын байгууллага уг хэргийг хаахаас татгалзлаа. Улмаар өчигдөр дуучин Б.Батчулууны С.Сэрчмаад ярьсан "онигоо"-нд Эрүүгийн хуулийн 12.1-1 дэх хэсэгт заасан "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн" гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзээд нэмж шалгуулахаар болжээ.