Иргэн Б.Сүндэръяа өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийлэл, дарамтад орсон тул цагдаагийн байгууллагад албан ёсоор өргөдлөө өгч буйгаа мэдэгдсэн. Гэхдээ түүний цагдаад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүрийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон хэмээсэн. Уг мэдээллийн мөрөөр УЕПГ-ын олон нийттэй харилцах албанаас зарим зүйлийг тодрууллаа.
Иргэн Б.Сүндэръяа гомдол, өргөдөл гаргасны дагуу гурван ч хэргийг цагдаагийн байгууллага өмнө нь шалгажээ.
Нэгдүгээрт, Б.Сүндэръяагийн "2020 оны есдүгээр сарын 3-нд NTV мэдээ, фэйсбүүк, пэйж хаягаар Б.Сүндэръяаг хойт эцэгтээ ээжийнхээ хамт хутгалуулсан хэргийг хуулиар шийдвэрлэгдлээ гэж олон нийтийг төөрөгдүүлсэн нэр төрд нь халдан худал мэдээлэл тараасан" гэх гомдлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэс 2020 оны арванэгдүгээр сарын 9-нд хүлээн авчээ. Улмаар прокурор хэргийг нь хянаад гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн юм байна.
Хоёрдугаарт, "2018 оны есдүгээр сард цахим хуудсанд Chimgee chimgee гэх хаягаас Б.Сүндэръяаг удаа дараа дарамтлан сүрдүүлж, гүтгэн доромжилсон мессеж мэдээлэл тараагаад байна" гэх гомдлыг 2018 оны аравдугаар сарын 14-нд хүлээн авч шалгажээ. Прокурорын байгууллагаас мөн л гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийджээ.
Гуравдугаарт, "2018 оны зургадугаар 12-ноос хойш өнөөдрийг хүртэл Б.Сүндэръяагийн ....... дугаар утсанд ....... дугаар утаснаас удаа дараа айлган сүрдүүлсэн, ална, хүчиндүүлнэ, дүүжлэнэ, гэх мэтээр заналхийлсэн, мессеж, дуудлага ирсэн. Биед халдсан" гэх дуудлага мэдээллийг цагдаагийнхан 2018 оны аравдугаар сарын 31-нд хүлээн авч шалгаад прокурорт шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн, Эрүүгийн хуулийн 11.6-1, 13.5-1 зааснаар иргэн З-г яллагдагчаар татжээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эл хэргийг 2021 оны гуравдугаар сарын 17-нд хянан хэлэлцсэн байна. Улмаар иргэн З-г бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан хэмээн үзэж нэг сая төгрөгөөр торгож шийджээ. Харин "Б.Сүндэръяагийн ....... дугаар утсанд ....... дугаар утаснаас удаа дараа айлган сүрдүүлсэн, ална, хүчиндүүлнэ, дүүжлэнэ, гэх мэтээр заналхийлсэн, мессеж, дуудлага ирсэн" гэх хэргийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.