Гадаадаас эх орондоо халдваргүй ирээд “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байхдаа халдвар авсан иргэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаа цагдаагийн байгууллага мэдээлэв. Тэрбээр шалгуулж буй талаараа өөрийн цахим хуудсандаа “Эрүүл болоод удаагүй байтал яллагдагчаар татагдав. Бүх зүйлийг эхнээс нь тайлбарлая. Эгэл жирийн иргэн байжээ. Tэрээр хэнд ч тээр, саад бололгүй ажил хөдөлмөрөө эрхлэн аж төрөх бөгөөд, хүний эрхээ дээдэлж, иргэний үүргээ ухамсарлан явдаг нэгэн. Гадаадад олон сар гацаж гэртээ ирэх гэтэл тусгаарлалт нэртэй иргэдийг олноор нь хашиж хорьсон үйл явдлаас үүдэн эх орондоо эрүүл ирээд тухайн газраас коронавирусийн халдвар авав. Сар гаруй хугацаанд эмчлэгджээ, хүнд өвдсөн одоо ч бие нь сайнгүй. Эмнэлгээс гарсан даруй цагдаагийн газарт нэг бус удаа дуудагджээ. Үзэл бодлоо илэрхийлж иргэний үүргээ биелүүлсэн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан. Хэрэг ингээд дууссангүй. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.03.24-ны өдөр бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна" гэжээ. Д.Мөнхбат өмнө нь "Энхсаран" сувилал хулганатай. Хулганаар дамжин халдвар тархсан хэмээн мэдээлж байсан. Энэ удаа Д.Мөнхбатыг "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байхдаа халдвар хамгааллын дэглэм зөрчиж, иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн учир яллагдагчаар татжээ. Тэрбээр өнгөрсөн онд "Энхсаран"-д тусгаарлагдаж байсан иргэдийг турхирч, дураараа бусдын өрөөгөөр хэсэж, амны хаалтаа зүүхгүй асуудал үүсгэн халдвар хамгааллын дэглэм зөрчсөн гэнэ. Тиймээс түүнийг тухайн үед тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн Эрүүгийн хуулийн 15.6.1-т зааснаар яллагдагчаар татах саналаа ЦЕГ-аас сарын өмнө прокурорт хүргүүлсэн юм байна.