Улсын дээд шүүхэд "Жи тайм"-ын гэх тодотголтой Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг энэ сарын 23-нд оролцогчдоос гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэнэ. Уг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд 687 дугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд хэлэлцээд 1458 дугаар магадлал гаргасан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2 дахь хэсэгт зааснаар таван жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд Э.Оюунчимэгт анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хэвээр үлдээсэн. Гэхдээ шүүгдэгч, иргэний хариуцагчдаас гаргуулахаар заасан хохирол төлбөртэй холбоотой хэсгийг өөрчилсөн юм. Тодорхой хэлбэл, зарим хохирогчийн авах төлбөрийг тогтоолд тусгаагүй байсныг нэмж бичиж, шүүгдэгч Э.Оюунчимэгээс бүх төлбөрийг гаргуулах тогтоолын заалтыг өөрчлөн “Жи-тайм”-ыг Монголд оруулж ирээд өдгөө зугтаж алга болсон Маженов Маратын битүүмжилсэн хөрөнгөөс авахаар болсон.
“Жи тайм корпорейшн” ХХК нь 12 365 иргэнийг 27 965 хөтөлбөрт элсүүлж 11 398 иргэнд 25 801 307 70 төгрөгийн хор уршиг учруулсан гэдэг.