Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн засаг дарга Т, Чандмань сумын Сүлжээ багийн засаг дарга Т, Чандмань сумын Урд гол багийн засаг дарга Г, Жаргалант сумын Рашаант багийн засаг дарга С нар нь албаны хөрөнгийг завшиж, төрд хохирол учруулсан гэх хэргийг шүүх шийджээ. Ховд аймгийн прокуророос тэднийг “...Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны наймдугаар сард хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн Chongoing Hongli маркийн мотоциклийг бусдад худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, төрд хохирол учруулсан...” байна гэж үзжээ. Тиймээс яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс шүүгдэгч Т, Г, С, Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 -1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт 2.800.000 төгрөгийн торгох ял ногдуулжээ. Мөн шүүгдэгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.51, 3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураан улсын орлого болгож, гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг төлүүлж шийдвэрлэсэн байна.