Иргэн Сүнээ нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг хэд хоногийн өмнө цахим орчинд цацсан. Уг мэдээллээс үүдэлтэйгээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүд бэлгийн дарамт учруулдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, заналхийлдэг гэх мэдээллийг цахим орчинд цацсаар байна.
Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу тодорхой хувь хүн эрх бүхий байгууллагад албан ёсоор гомдол ирүүлсний дараа хэргийг мөрдөн шалгах, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хийдэг. Тиймээс Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос хохирсон гэх иргэдийг цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирүүлэхийг, мөн тус комиссын гишүүдтэй хамтран ажиллахыг уриалав.
Мөн ХЭҮК-оос хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарсан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бэлгийн дарамт учруулсан, заналхийлсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг шуурхай шалгаж, үр дүнг Хүний эрхийн үндэсний комисс, олон нийтэд танилцуулахыг цагдаа, прокурорын байгууллагаас шаардлаа. Эдгээр гомдол, мэдээллийг шалгах, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангаж буй байдалд ХЭҮК хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд идэвхтэй хяналт тавих бөгөөд эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаарх саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлахаар болжээ. Улмаар ХЭҮК цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар байр сууриа илэрхийлэх, тайлбар хийхийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт зөвлөлөө.
УИХ-ын гишүүний холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх иргэдийн мэдээллийг хууль тогтоомж, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасны дагуу нээлттэй хэлэлцэж, мэдээлэл үндэслэлтэй бол тохиолдолд хохирогчдыг хамгаалах, эрхийг сэргээх, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын хорооноос хүсжээ.