Цагдаагийн алба хаагчид сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэнийг эрүү, зөрчлийн хэрэгт холбогдуулан саатуулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа дохионы хэлмэрч байлцуулдаггүй гэнэ. Мөн харилцааны бэрхшээл үүссэн үед гэр бүлд нь шуурхай мэдэгдэж, тусламж авах боломжоор хангахгүй байх нь эрүү, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд эдлэх иргэний хуульд заасан эрхийг зөрчиж, улмаар хэргээ шударгаар шүүлгэх эрх нь зөрчигдөх эрсдэл үүсгэж байгааг Хүний эрхийн үндэсний комисс онцоллоо.
Иймд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэнийг эрүү, зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгахдаа дохионы хэлмэрчээр хангах талаар удирдлага, зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ, зохицуулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зэрэг салбарын байгууллагуудтай хамтран бий болгох талаар ХЭҮК-ын гишүүний зөвлөмжийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болдод хүргүүллээ.
Хүн бүрийн ижил үнэ цэнэ, нийгмийн тэгш эрхтэй гишүүн байх нөхцлийг хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, оролцоог баталгаажуулсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг ХЭҮК хянаж байна.