Эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй, хэнэггүйн улмаас балчир хүүхдүүд халдлага, хүчирхийлэлд өртөх, золгүй явдлын золиос болж, сэтгэл санаа, эрүүл мэнд, амиараа хохирох тохиолдол байнга өсөх болсон. Улсын ерөнхий прокурорын газраас энэ оны I улиралд гарсан гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг судалж танилцууллаа. Уг мэдээллээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг нэмэгдсэн байгаа юм. Тодруулбал, прокурорын байгууллага гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 234 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ төрлийн хэргийн 70 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт гарчээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 39 хэрэгт хяналтын прокурорууд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй гэнэ. Харин гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг болохоос нь урьтаж таслан зогсоож, түүнийг үйлдсэн хүнийг Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцсон тохиолдол их байгаа аж. Прокурорын байгууллагаас гаргасан дээрх статистик мэдээлэлд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 2846 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 24, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 55 хувиар өссөн байна” хэмээн дурдсан байгаа юм.
Түүнчлэн 2021 оны I улиралд хууль сахиулах байгууллагынхны мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 33 592 гэмт хэргийн улмаас 24 032 хүн хохирсон бөгөөд тэдний 733 буюу гурван хувь нь хүүхэд. Эдгээр хүүхдийн 177 нь дээрмийн, 169 нь хүчингийн, 114 нь хулгай, 103 нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хохирогч болжээ. Мөн Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан Хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас 10 хүүхэд хохирсон бол, үлдсэн нь өөр төрлийн гэмт хэргийн хохирогч болсныг дээрх тоон мэдээлэлд дурдсан байх юм.
Багачууд жил бүр янз бүрийн гэмт хэрэг, зөрчлийн золиос болж, олныг цочирдуулсан тохиолдол ихэссэн учраас эх орны ирээдүй болсон хүүхдүүдийг хамгаалах, айдасгүй амьдралтай, зөв хүн болгож төлөвшүүлэх үүднээс Монгол Улс хүүхэд хамгааллыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэн, хэд хэдэн хууль баталсан билээ. УИХ 2016 онд Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай хууль баталж, Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг гэмт хэргийг бие даасан бүлэг болгон зүйлчилж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүүхдийг хамгаалах тухай зохицуулалт тусгаснаас гадна Засгийн газраас 2017 онд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллуулах шийдвэр Засгийн газраас гаргасан. Уг нь цагдаагийн байгууллагад Хүүхдийн алба гэж бүтэц, бүрэлдэхүүн ажиллаж байв. Харамсалтай нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тус байгууллагад өөрчлөлт, шинэчлэлт хийх нэрээр татан буулгаж, хариуцсан алба хаагчид нь өөр ажилд томилогдсоноор нэг хэсэг хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг хүмүүс үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Үүний дараагаас хүүхдийн эсрэг гэмт хэрэг өссөн гэж хэлэх хүн ч бий.
Юутай ч УИХ, Засгийн газар шийдвэр гаргаж хүүхдийн байцаагчдын орон тоог дахин бий болгосон нь нууц далд хэлбэртэй байсан хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой байж, цагдаагийн байгууллагын бүртгэн шалгаж буй энэ төрлийн хэргийн тоо өсөхөд ч нөлөөлсөн биз ээ.
Засгийн газраас 2017 онд баталсан Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрт тусгасан “Хараа хяналтгүй хүүхдийн нөхцөл байдал, гудамжинд гарахад нөлөөлж байгаа шалтгааныг судалж, гэр бүлд нь нэгтгэх ажлыг зохион байгуулах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдийн зан үйлийг өөрчлөх сайн дурын болон албадан сургалт зохион байгуулах” гэх зэрэг заалтыг хэрэгжүүлэх ажил цагдаагийн байгууллагад ногдож буй.
ЭЦЭГ, ЭХ НЬ ҮЛ ТООДОГ ХҮҮХДҮҮД ГЭМТ ҮЙЛДЭЛД ӨРТӨХ НЬ ЭЛБЭГ
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж буй цагдаагийн ажилтнууд ямар үүрэг гүйцэтгэж байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийг зорилоо. Нийслэлийн хамгийн их хүн амтайд тооцогддог эл дүүргийн есөн хороог нь дээрх хэлтсийнхэн хариуцдаг аж. Гэр хороолол, алслагдмал бүс хамаардаг уг есөн хорооны хэмжээнд 36 000 гаруй хүүхэд байгаагаас 23 000 илүү нь сургуулийн насныхан гэнэ. Тэнд гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл нэлээд өндөр байх гэж тааварласан минь оножээ. Тус хэлтэст хүүхдийн асуудал хариуцсан нэг ахлах мэргэжилтэн, хоёр мэргэжилтний хамтаар үүрэг гүйцэтгэдэг юм билээ. Тэд Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр олон ажил хийж буй аж. Тухайлбал, нууц далд үйлдэлтэй, цагдаагийн байгууллагад хэн нь ч дуудлага, мэдээлэл өгч, гомдол гаргаж байгаагүй гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэн хариуцлага тооцуулах гэж байна. Хуульд “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” бол хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Харин эцэг, эхчүүд эдгээр заалтыг зөрчих явдал их гардаг гэнэ. Тухайлбал, тус хэлтсийн хариуцсан нэгэн хороонд оршин суудаг Г гэх хүн хүүхдүүдээ байнга зодож, дэргэд нь удаа дараа архидан, гудамжинд хөөж гаргаж байжээ. Өвлийн хүйтэнд хүүхдүүдээ нимгэн хувцастай, хөл нүцгэн шахам гаргасан байсныг цагдаагийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд илрүүлж, Эрүүгийн хуулийн 16.7-д заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцсан” гэх үндэслэлээр шалгаж, шүүхэд шилжүүлсэн гэнэ. Түүнчлэн бага насны хүүхдээ хүчирхийлж болзошгүй нэг эрд ч хариуцлага тооцохоор шалгаж, охиныг нь хамгаалах арга хэмжээ авчээ. Тэр эр архи уусан үедээ хүүхдийнхээ дэргэд бүх хувцсаа тайлж, бэлэг эрхтэнээрээ оролдон охиноо зовоож байсан учраас хууль сахиулагчид хариуцлага хүлээлгэхээр шүүхэд шилжүүлж байгаа аж.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хариуцсан нутаг дэвсгэрийнхээ багачуудыг гэмт хэрэг, зөрчилд өртөн хохирохоос урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд насанд хүрээгүй 14 хүнийг хамгаалах байранд аваачжээ. Учир нь тэдний эцэг эхчүүд хүүхдүүдээ үл хайхардаг, зодож эрүүл мэндэд нь хохирол учруулдаг, байнга архидаж балчруудаа хооллож ундалдаггүй гэх мэтээр эрхийг нь зөрчиж байсан гэнэ. Тиймээс 0-14 насны дээрх 14 хүүхдийн аав, ээжийнх нь эцэг, эх байх эрхийг хасуулахаар шүүхэд хандаад байна.
Гэмт хэрэгт өртөх, түүнд холбогдож болзошгүй хүүхдүүдийг судлаад эцэг, эх нь тоохоо больж, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хэд хэдэн хүүхэд байгааг дээрх гурван мэргэжилтэн тогтоосон гэнэ. Үл хайхрах хүчирхийлэл гэж хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөгжил боловсрол, хайр халамж эдлэх, аюулгүй байдлыг нь хангах зэрэг суурь хэрэгцээг нь гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан болон учруулахаар завдсан, эсхүл мэдсээр байж хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйг хэлэхээр хуульчилсан. Тэгвэл цагдаагийн мэргэжилтнүүдийн тогтоосон зургаан хүүхдийн хувьд янз бүрийн зүйл үнэрлэн мансуурдаг бөгөөд эцэг, эх нь тэднийг огт тоохоо больсон нь үл хайхрах хүчирхийллийн нэг хэлбэр гэж үзжээ. Тэдний аав, ээжтэй хууль сахиулагчид уулзахад “Бид ажил ихтэй учраас хүүхдэдээ анхаарал хандуулах цаг байдаггүй” хэмээн өгүүлж байж. Харамсалтай нь бодит байдалд олонх тохиолдолд аав, ээж нь архины хамааралтай, эсвэл хойт эцэг, эхийн асрамжид байдаг нь хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн золиос болгожээ. Ийм байдал нь бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, өртөх үндэс болж буй гэнэ.
Б.МЯГМАР: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЦААНА ХҮҮХЭД
ЯМАГТ ХОХИРЧ БАЙДАГ
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын III хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Мягмар “Манай хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрийн хувьд гэр хороолол давамгайлсан, ажилгүйдлийн түвшин өндөр, орон нутгаас шилжин ирэгсэд олонтой, хүн ам ихтэй бүс байдаг. Газар нутаг ч том, ачаалал өндөр. Дуудлага мэдээлэлд заримдаа 70-80 км газар туулж байж очих үе ч бий. Хүн ам ихтэй болоод ч тэр үү, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага гурван хэлтэс дундаа хамгийн өндөр. Энэ бүхний цаана ямагт хүүхэд хохирч байгаа юм. Уг нь хүүхдийн эрхийг хамгаалахаар олон хууль тогтоомжид тусгайлсан заалт орсон. Гэвч хүүхдийн эсрэг хэрэг, зөрчил гарсаар байна. Архи ууж агсам тавиад 12-13 настай хүүхдүүдээ “мөнгө олж ир” зодож, автомашин угаалгын газарт ажиллуулдаг, төрсөн ах нь архи уучихаад 14 настай дүүгээ гэрээсээ хөөж, “Дэлгүүрээс шар айраг, тамхи зээлж ир” хэмээн явуулсан үйлдлүүдийг манай хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд шалгаж байна.
Сар бүр улсаас тэтгэмж хэмээн олгодог хүүхдийн мөнгөөр байнга архи уудаг, улмаар үрсээ зоддог эцэг, эхчүүдэд шүүхээр хариуцлага тооцуулахаар материалыг нь хүргүүлсэн. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл удаа дараа үйлдсэн, тэдний эрх ашгийг ноцтой зөрчсөн 10 гаруй тохиолдлыг илрүүлэн холбон зуучилж, дараагийн шатны арга хэмжээ авхуулахаар дүүргийн удирдлагад хандаад байгаа. Мөн эрсдэлт түвшинд байгаа хүүхдүүдийг илрүүлэх зорилгоор нэгдсэн арга хэмжээ явуулан айл өрхүүдээр орж, хүүхдүүдтэй уулзаж ярилцаж байна. Үүний үр дүнд дөрвөн айлын 11 хүүхэд эрсдэлтэй нөхцөлд буюу эцэг, эх нь байнга зоддог болохыг тогтоон нэгийнх нь асран хамгаалагчид шүүхээр хариуцлага тооцуулахаар хандаад байгаа бол бусдыг нь 7-30 хоног баривчлах арга хэмжээ авхуулсан.
Хүчирхийллээс үүдэлтэй сэтгэл санаа, бие махбодын хохирол учирсан, амьдралд итгэх итгэл үнэмшлээ алдсан, өмгөөллийн туслалцаа хэрэгтэй зэрэг тохиолдолд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилготой хамтарсан баг манай хариуцсан нутаг дэвсгэрт долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Энэ багийнхантайгаа хамтран дээрх хүүхдүүдийн аюулгүй байдалд тохирсон арга хэмжээ авч байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 14.1-д “Нөхцөл байдлын үнэлгээгээр хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх дүгнэлт гарсан бол иргэний бүртгэл, сэтгэл зүй, хууль зүй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн болон бусад шаардагдах үйлчилгээнд нийгмийн ажилтан холбон зуучилна” гэж заасан байдаг. Үүний дагуу холбон зуучлах цөөнгүй ажил хийсэн.
Бид зөвхөн хүүхэд, гэр бүлд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулаад зогсохгүй хүүхдийн тоглож наадах, сурч боловсроход аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж байгаад анхаарал хандуулан ажилладаг. Тухайлбал, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчтай хамтран сургуулийн биеийн тамирын болон гудамжууд дахь тоглоомын талбайнуудыг шалгаж, гэрэлтүүлэг, хяналтын камер тавиулах зэрэг ажил хийж байна” хэмээн өгүүлсэн юм.
Нэг хэсэг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанаас хасагдсан ч шинээр баталсан хууль тогтоомжийн хүрээнд дахин бий болсон хүүхдийн эрхийн байцаагч буюу хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд багачуудыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ийнхүү ажиллаж байна. Үр дүнд нь олон хүүхэд эрүүл мэнд, сэтгэл санаа, амиараа хохирох, гудамжинд гарахаас сэргийлэх боломж бүрджээ.