2020 онд цагдаагийн байгууллага 102 тусгай дугаарын утсаар иргэд, хуулийн этгээдээс 550 254 дуудлага, мэдээлэл хүлээн авч, хуульд заасны дагуу журмын дагуу шалгаж, шийдвэрлэжээ. Тодруулбал, сард 45 854, хоногт 1 528, цагт 63, минутад нэг дуудлага мэдээлэл ирсэн гэсэн үг. Үүнээс 65 187 нь гэмт хэргийн 192 053 нь зөрчлийн шинжтэй байв. Нийслэл хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдардаг. Мөн дийлэнх их, дээд сургууль, соёл, үйлчилгээний байгууллага байрладагтай холбоотойгоор гэмт хэрэг зөрчлийн тоо харьцангуй өндөр гарчээ. Улсын хэмжээнд нийт 23 064 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнээс 14 мянга 633 буюу 63.4 хувь нь Улаанбаатар хотод, 8420 буюу 36.5 хувь нь орон нутагт, 11 буюу 0.1 хувь нь хилийн чандад бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн гаралтыг өмнөх онтой харьцуулбал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 5628 буюу 27.8 хувиар, орон нутагт гарсан гэмт хэрэг 2784 буюу 24.8 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.