Төрийн албаны зөвлөл өнгөрсөн оны тайлангаа УИХ-д илгээжээ. 2020 оноос Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдсөн бөгөөд үр дүн нь өндөр, эерэг байх хүлээлт хууль тогтоогчид төдийгүй олон нийтэд бий.
Тайлангаас харвал төрийн 4147 байгууллагад 205 мянган албан хаагч ажиллаж байгаа нь 2019 онтой харьцуулахад 3.3 хувиар өссөн дүн аж. Энэ нь манай хүн амын 6.3 хувь нь төрийн албан хаагч гэсэн үг. 2012 оны сонгуулийн дараах дүн мэдээтэй харьцуулбал яамны тоо хоёроор цөөрч 14 болсон ч агентлагийн тоо наймаар нэмэгдэн 24 болжээ. Үүнээс улс төрийн албан хаагч 1.5, тусгай албан хаагч 17.9, захиргааныхан 7.7 хувиар өссөн бол үйлчилгээнийхэн 1.3 хувиар буурчээ.
Түүнчлэн тэтгэврийн буюу 60-аас дээш насны 2078 хүн төрийн албанд ажиллаж байгааг тус тайланд дурдсан байна. Цаашлаад төрийн албан хаагчдын насны дундаж 40 болсон нь өмнөх оноос 1.6 жилээр нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Мөн тэдний 61.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оноос 0.8 хувиар нэмэгдсэн дүн бөгөөд энэ нь сүүлийн 10 жил дэх хамгийн өндөр өсөлт болохыг ч тэмдэглэжээ. Тэр дундаа аймаг, орон нутгийн түвшинд ажиллаж буй хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх жин улсын дунджаас өндөр байгаа бөгөөд хамгийн их нь Орхон аймагт 76, Дархан-Уулд 75, Өмнөговь, Сэлэнгэд 74 хувьтай гарсныг харж болох нь. Тусгай болон улс төрийн албаны ангилалд хамаарах бүсгүйчүүдийн тоо эрчүүдийнхээс бага буюу өмнөхөөс өөрчлөгдөөгүй байна. Тухайлбал, 36 агентлагийн удирдлагаас гурав, 21 аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нараас дөрөв, есөн дүүргийнхээс нэг нь л эмэгтэй юм байна.
Үүнээс гадна Төрийн албаны тухай хуулийн дагуу байгуулан ажиллаж буй Ёс зүйн зөвлөлүүдийн тайланд дурдсанаар 1422 албан хаагч зөрчил гаргасан нь өмнөх онтой харьцуулбал 4.8 хувиар буурсан дүн аж. Тэдгээрээс албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажлын байранд архидан согтуурсан 37 зөрчил байх жишээтэй. Гэвч төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокурор, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гааль, шүүхийн шинжилгээний байгууллагын холбогдох албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг салбарын хууль, тогтоомжоор зохицуулж ирсэн ч хариуцлага хүлээлгэх журам нь харилцан адилгүй байгааг тус тайланд онцолсон байна.
Өөрөөр хэлбэл, зөрчлийн тоо, мэдээг улсын хэмжээнд бүрэн нэгтгэж чаддаггүй, дүн шинжилгээ хийдэггүй, нэгдсэн бодлого, зохицуулалтгүй байгааг Төрийн албаны зөвлөл хүлээн зөвшөөрчээ. Жишээ нь, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр БНСУ-д албан томилолтоор явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйтэй зүй бусаар харьцсан талаарх улс дамжсан дуулиан Төрийн албаны зөвлөлийн эл тайланд тусгагдсан, зөрчлийн тоонд оруулсан, эсэх нь эргэлзээтэй гэсэн үг. Харин сахилгын шийтгэлийг 371 албан хаагчид ногдуулснаас хамгийн их буюу 48.6 хувийнх нь цалинг нь 20 хувиар бууруулсан байна. Мөн эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэд төрийн албанд ажиллаж байгаа, эсэхийг хянахад багийн Засаг даргын албан тушаалд хоёр, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд нэг хүн ажиллаж байсныг “илрүүлжээ”.
Төрийн албаны зөвлөлийн зүгээс зайлшгүй шийдэх нэг асуудал байгааг хууль тогтоогчдод уламжилсан нь Төрийн албан тухай хуулийг мөрдөж эхлэхээс өмнө томилогдсон, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүстэй холбоотой аж. Мөн орон нутгийн сонгуулийн дараа ИТХ-ын төлөөлөгчид төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд хууль зөрчин томилогдсон явдал цөөнгүй гарсныг дурджээ. Түүнчлэн улс төрийн намаас түдгэлзсэн ч урьд нь гишүүнчлэлтэй байсан намын болон улстөрчдийн оролцоотойгоор төрийн жинхэнэ албанд томилогдох нь тасрахгүй байгааг ч онцлов. Гэвч тайланд аль алиных нь талаар тодорхой тоо алга.
Албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж буй тухайд зарим баримтыг тайланд тусгасан ч хэдэн хүнээс хэр хэмжээний хөрөнгө гаргуулсан тухай нарийвчилсан тоо бас л олдсонгүй. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 6.7 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхээс 2.2 сая болгожээ. Мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс 4.5 сая төгрөг гаргуулан, хууль бус шийдвэрийнх нь хохирлыг бүрэн төлүүлсэн байна.