Авлигатай тэмцэх газар дөрөвдүгээр сарын 5-9-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 121 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Өнгөрсөн долоо хоногт 101 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 227 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 106 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг үлдсэн байна.
Дээрх хугацаанд тус газрын Мөрдөн шалгах хэлтэс гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 87 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэнэ. Харин гурван гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Яг одоо 58 гомдол, мэдээлэл шалгаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 533 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлжээ.