Прокурорын байгууллагаас төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсныг эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг 2019-2020 оны байдлаар судалжээ. Дээрх хугацаанд шүүхээс төрийн албан хаагчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговорт 500 орчим сая төгрөгийг олгожээ. Прокурор судалгаанд үндэслэн төрд учирсан хохирлыг барагдуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан гэнэ.
Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийн тоо энэ онд өсжээ. Өөрөөр хэлбэл, прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт шийтгэл ногдуулсан шийдвэрийг хянаад хүчингүй болгуулахаар 297 дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн алба хаагчдаас гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрүүд ч нэмэгдсэн байна. Прокурор гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны 299 үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгосон аж.