Монгол Улсын начин Э.Энхбат дөрөвдүгээр сарын 2-нд бусдад зодуулж, хүндхэн гэмтсэн. Тодруулбал, Э.Энхбат тархиндаа хүнд бэртэл авсан тул ГССҮТ-д хүргэгдэж, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм. Тархины хүнд бэртэл гэмтлээс шалтгаалан энэ сарын 2-ноос эхлэн бүтэн унтуулга, амьсгалын аппараттай байгаа түүнийг ар гэрийнх нь саналыг үндэслэн БНСУ руу эмчлүүлэхээр авч явжээ. Тодруулбал, "Hunnu air" компанийн онгоцоор өнөөдрийн 12.00 цагт ниссэн гэнэ. Өвчтөнийг ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хоёр эмч, нэг сувилагч дагалдаж явааг эх сурвалж мэдээллээ. Түүнийг "Хурдан эдгэрээрэй, эрүүл саруул болоод эргээд ирээрэй" хэмээн мянга мянган ээжүүд сүүн цацал өргөж сууна.
Хэргийн талаар тодруулбал, Олимпын алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Их хуралдай” төвд байхдаа өөрийн багын найз Э.Энхбатыг зодсон гэдэг. Үүний улмаас Н.Түвшинбаярт хэрэг бүртгэлийн хэрэг нээн, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулаад байгаа билээ.