Прокурорын байгууллага 2021 оны нэгдүгээр улиралд хийсэн хяналтын ажлын тоон мэдээгээ гаргажээ. Уг мэдээлэлд дурдсанаар гэмт хэргийн улмаас 733 хүүхэд хохирсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 33 592 гэмт хэргийн улмаас нийт 24 032 хүн хохирсон бөгөөд 733 буюу 3 хувь нь хүүхэд гэнэ. Үүнээс 177 буюу 24.1 хувь нь Дээрэмдэх, 169 буюу 23 хувь нь Хүчиндэх, 114 буюу 15.5 хувь нь Хулгайлах, 103 буюу 14 хувь нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирчээ. Мөн Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан Хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон 10, бусад төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон 158 хүүхэд байна. Прокурор хүүхэд хохирсон 167 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн дийлэнх хувь нь нийслэлд гарч байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 234 гэмт хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар буурсан байна. Энэ төрлийн хэргийн 70 хувь нь нийслэлд, 30 хувь нь орон нутагт гарчээ. Прокурор Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 39 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.