Сүүлийн үед цэргийн алба хаахтай холбоотой хэрэг зөрчил цөөнгүй гарч буй. Тухайлбал, прокурорын байгууллагаас цэргийн албаны эсрэг 11 хэрэгт хяналт тавьснаас дөрвөн хэрэг буюу 36.3 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Одоогоор таван хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, прокурор хянаж байна. Хамгийн сүүлд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид харуулын дарга нь цэргээ дарамталж, үхтэл нь зодсоныг энд дурдах нь илүүц биз. Ямартай ч Батлан хамгаалах яамны удирдлага үүндээ дүгнэлт хийсэн бололтой, мэдээлэл сонсох тусгай дугаар ажиллуулж эхэлжээ. Тодруулбал, Батлан хамгаалах яам иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор 1800-1144 утсыг ажиллуулж эхэлсэн байна.
Ташрамд дурдахад, улс орон даяар 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дээрх шийдвэртэй холбогдуулан зарим үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, ТЗУГ-ын дарга, хурандаа Ч.Гандирваа, БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан нар харъяа байгууллагуудын удирдлагуудтай шуурхай хуралдаан хийж, төрийн байгууллагууд 10 хүртэлх хувийн ирцтэйгээр ажиллана. Ингэхдээ халдвар хамгаалалтын дэглэмийг чандлан сахиж, хөдөлмөрийн дотоод журмаа мөрдөн, асуудал гаргалгүй хариуцлагатай ажиллахыг үүрэгдлээ. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед иргэдээс ирсэн гомдол саналыг бүртгэж, улмаар зохих шатны хүмүүст уламжилж, эргэх холбоотой ажиллахыг сануулсан юм.