Прокурорын байгууллагаас гэмт хэргийн судалгааг шинээр гаргажээ. Уг судалгаанд 2021 оны нэгдүгээр улиралд гарсан гэмт хэргүүд хамаарна. 2021 оны эхний гурван сард авлига, албан тушаалын хэрэг өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар буурчээ. Прокурорын байгууллага авлига, албан тушаалын 607 хэрэгт хяналт тавьснаас 10.2 хувийг хааж, 22.8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 0.9 хувийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэнэ. Харин албан тушаалтан холбогдсон 74, авлига, албан тушаалын 40 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Авлигын гэмт хэрэг Нийслэл, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгдсэн байна.
2020 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 2.7 авлигын гэмт хэрэг хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 2.9 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар бүртгэгдсэн авлигын гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Говьсүмбэр аймаг 10 мянган хүн ам тутамд 0.8 хэрэг бүртгэгдэж хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол Нийслэлд 3.6, Баян-Өлгий аймагт 3.0 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй гарчээ.