Өнгөрсөн шөнө Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 214-р ангид хүн амины хэрэг гарсан. Тодруулбал, тус цэргийн ангийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөсөн. Мөн галт сумтай бууг хууль бусаар авч, оргосон хэрэг гарсан юм. Галт зэвсэгтэй явсан цэргүүд дахин хүний бие гэмтээж, хэрэг үйлдэх эрсдэлтэй тул албаныхан эрэн сурвалжилж буй аж. Мөн нутгийн иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ЦЕГ-аас анхаарууллаа. Сэжигтнүүд өглөөний 7 цагт хилийн зурвасаас 15 км зайд амьдардаг айлаас хүнс болон унаа гуйж авч явсан. Мөн цаашлаад 50 км зайд мотоциклоо орхин, уул руу явсан гэдгийг албаныхан тогтоожээ. Харуулын дарга, хугацаат цэргийн алба хаагчдын хооронд ямар зөрчил гарч, юунаас болж хүний амь хөнөөсөн нь одоогоор тодорхойгүй байна. Харин амиа алдсан ахлагчийн хувьд эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг байжээ.