Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан мөнгийг шилжүүллээ. Авлигатай тэмцэх газар нь 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.112.736.4 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна. Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 26-нд зарлиг гаргаж, авлига авсан болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байсан. Улмаар эл хэргийг АТГ шалгаж, гурван шатны шүүхээс зарим шүүгчийг цагаатгах тогтоол гаргаж, нэр бүхий шүүгч нарыг гэм буруутайд тооцож, ял оноосон билээ.
Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Салхитын мөнгөний орд”-ын гэх Ш.Мөнгөншагай нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны аравдугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцсэн.
Тус шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалын тэдэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.
Мөн Н.Уранчимэгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж, бусад шүүгдэгчдэд холбогдох заалтыг хэвээр үлдээсэн.
Тэгвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны тавдугаар сарын 22-нд хянан хэлэлцээд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 3 жил хорих ял оногдуулжээ.
Г.Алтан-Очирыг хахууль авсан, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 3 жил хорих, Б.Цолмонбаатарыг хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 5 жил хорих, харин Э.Халиунбаярыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 3 жил хорих ял тус тус оногдуулсан байна.
Н.Уранчимэгийг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих, Ж.Цэцэгээг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тодорхой үйл ажиллагаа эрхлэх эрхийг 3 жил хасаж, 12 сая 240,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан юм.
Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 50 сая төгрөгийг Г.Алтан-Очироос, 60 сая төгрөгийг Б.Цолмонбаатараас, 35 сая төгрөгийг Н.Уранчимэгээс, 45 сая төгрөгийг Ч.Амгаланбаяраас тус тус гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Харин Д.Цолмон, Г.Цагаанцоож нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан.
Түүнчлэн Ч.Амгаланбаярыг төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж, үйл ажиллагаа явуулж, их хэмжээний ашиг олсон, М.Цэндсүрэнг хахууль өгч, авахад зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн ч тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. С.Оюунбатад холбогдох хэргийг тусгаарлаж, Ш.Энхтөрд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны наймдугаар сарын 4-нд хянан хэлэлцээд Г.Алтан-Очирыг мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, ял оногдуулсныг хүчингүй болгож, хахууль авсан хэрэгт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жил хорих ялыг хэвээр үлдээжээ.
Мөн Б.Цолмонбаатарын хахууль авсан хоёр үйлдлийг тус тусад нь зүйлчилснийг нэгтгэн зүйлчилж, түүнд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хасаж, 3 жил хорих болгон өөрчилсөн бол Ж.Цэцэгээд оногдуулсан ялын зүйлчлэлийг өөрчлөн, түүнд оногдуулсан торгох ялыг 2 сая 700,000 төгрөгөөр тогтоож, Н.Уранчимэгээс 35 сая төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгон, бусад шүүгдэгч нарт холбогдох заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалын тэдэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав. Мөн Н.Уранчимэгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж, бусад шүүгдэгчдэд холбогдох заалтыг хэвээр үлдээлээ.
Үүнээс гадна тодорхой шалтгааны улмаас шүүгчдэгч Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарыг хэргээс тусгаарлаад байсан. Улсын дээд шүүх Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Сайханцэцэг нь Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хээл хахууль авсан хэрэгт холбогдсон бол Ц.Өнөрцэцэг нь зуучилсан гэмт хэрэгт буруутгагдсан юм.
Дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд, давж заалдах шатны шүүхээс Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн заалтыг хүчингүй болгож, Ц.Өнөрцэцэгт оногдуулсан 1 жил хорих ялыг хэвээр үлдээж, Б.Сайханцэцэгийг төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял оногдуулсан. Мөн Ц.Өнөрцэцэгээс хууль бус хөрөнгө болох 20 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.