Попын хаан Майкл Жжексоны үхэлд буруутай байж магадгүй хэмээн сэжиглэгдэж буй эмч Конрад Мюррейг байцааж эхэллээ. АНУ-ын Лос-Анжелес хотын шүүх энэ талаар одоогийн байдлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа. Албан бус эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд Конрад Мюррейг дуучны үхэлд буруутайг нотолсон 30 гаруй баримт байгаа гэнэ.
Энэ хэргийг хариуцаж байгаа прокурор Дэвид Уолгрен “Майкл Жжексоны хувийн эмч эмнэлгийн ямар үйлчилгээ түүнд үзүүлдэг байсныг мэргэжилтнүүдийн хамт нарийвчлан судалсан” гэж “Los Angeles Times” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. Хэрэв Конрад Мюррей ямар нэгэн байдлаар буруутай нь нотлогдвол түүнд дөрвөн жилийн хорих ял ногдуулах аж.