Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг өнгөрсөн баасан гарагт УИХ-д танилцуулж, ажилдаа орсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрт босож, эрт унтдаг болохыг УИХ-ын чуулганы индрээс ард иргэддээ санал болгосон.
Тэрбээр өчигдөр ажил эхлэхтэй зэрэгцэн Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс дээр ажилласан бол өнөө өглөө барилгын салбарынхантай уулзлаа. Энэ үеэр өмнөх Засгийн газар хариуцлага хүлээж огцорсныг сануулаад, эртэч байхыг төрийн албан хаагчдад уриалсан шигээ үлгэрлэхийг хичээж буй нь илт байлаа.
Ерөнхий сайдын зүгээс холбогдох байгууллагын удирдлагуудад хэд хэдэн шаардлага тавиад "УОК, Засгийн газраас гаргасан шийдвэр дунд болон анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой. Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагавар гарч байгааг өөрчилж байж бид цар тахлын арга гарна. Маш хурдтай шинэ менежмент, эерэг хандлагаар ажиллахыг та бүхнээс шаардаж байна. Хандлагаа өөрчилж чадахгүй бол хатуу хариуцлага тооцож явах болно" гэлээ.
Шинэ Ерөнхий сайдын өглөөний уулзалтууд, гарааны өнгийг харахад тэрбээр өөрийн боловсруулсан "Алсын хараа"-гаа тэргүүн зорилгоо болгосон бололтой. Илүү ажил хэрэгч, цаг барьдаг, зөв хандлагатай байя гэсэн түүний уриалга төрийн албанд шинэ салхи сэвэлзүүлэх болтугай.