Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түр зогсоолоо. Сонгуулийн ерөнхий хороо болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулахтай холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг ийн хязгаарлав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг … ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заажээ. Ташрамд дурдахад Улсын Их Хурлын 2020 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг хүсэлтийнх нь дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсөнтэй холбогдуулан Улсын Их Хурал нөхөн сонгууль зарлах шаардлага бий болсон юм.