ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзаж хамтран Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэх гаргахаар болсон. Түүнийг өлсгөлөнгөө зогсоосон гэж өчигдөр орой хэвлэлүүд мэдээлж байсан. Гэвч удалгүй тэрбээр өлсгөлөнгөө зогсоогоогүй гэж албан ёсоор мэдэгдсэн юм.
Тэрбээр түрүүхэн төв талбай дээр хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өнгөрсөн шөнийн 01:29 цагийн орчимд Монголын ард түмний 400 тэрбум долларын маань баялаг наашаа ирэх замдаа орсон. Гэвч бас буцах замдаа орсон. Замд нь будлиан орсон. Шөнөжин үймэлдэж байгаа мафийн бүлэглэлийн хутгууранд орсон. Би ганцаараа тэмцээгүй, талбай дээр сууж байхад минь төрийн ордонд мөн маш олон гишүүн, надтай хамт тэмцэгч гишүүд мөн тэмцсээр байгаа. Би дахин 20 хоног өлсөхөд бэлэн.
Баялаг гэхдээ гэртээ ирэх замдаа орсон. Баялагыг хулгайлсан мафийн бүлэглэл боож үхэх гэж байна. Шинэ ерөнхий сайд мафийн барьцаанд орсон юм шиг байна. Чи улсын ерөнхий сайд юм уу, Рио Тинтогийн бууны нохойнуудын барьцаанд орсон юм уу гэдгээ надад биш Монголын ард түмэнд хэлээрэй.
Би 09:00 цагаас хойш тэвчээртэй хүлээж байна" гэлээ.