УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв төлбайд өлсгөлөн зарлаж, суулт хийгээд дөрөв дэх өдөртэйгээ золгож байна. Эрүүл мэндийн байгууллагынхан төв талбайд ирж С.Ганбаатарт үзлэг хийсэн. Улмаар хэт удаан өлсөх, хүйтэнд суувал түүний эрүүл мэнд дийлэхгүйг анхааруулсан. Гэвч С.Ганбаатар эмч нарын шаардлагыг хүлээж авахаас татгалзсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр төв талбайд ирж түүнтэй уулзлаа. Тэрбээр С.Ганбаатарыг дэмжиж буйгаа илэрхийлж, түүний шударга ёсны төлөө үйлийг дэмжиж, монголчууд талбайд ирж тэмцэх хэрэгтэйг онцолж үг хэллээ. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ яаралтай хуралдаж С.Ганбаатарын өлсгөлөн, суулт хийх шалтгаан болсон “Оюутолгой”-ын асуудлыг хэлэлцэж, зөв шийдэлд хүрэх ёстой хэмээв. Н.Энхбаяр цааш нь “Оюутолгой”-г ард түмний мэдэлд авахын тулд Монголын төрд гай болж УИХ-д суугаа гишүүдийг огцруулах хэрэгтэй. Үүний төлөө ард түмэн төв талбайд ирж тэмцэх ёстой. Олон улсын жишиг ч ийм. Тиймээс та бүхэн бидэнтэй хамт байгаарай” гэв.