УИХ-ын чуулганаар өнөөдөр гишүүд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бага хурлаас нэрийг нь Ерөнхий сайдад санал болгож, Ерөнхийлөгч дэмжиж, ТББХ-гоор хэлэлцэж баталсан Л.Оюун-Эрдэнээс төрийн түшээд ихэнхдээ “Оюу-Толгой”, Дубайн гэрээ, боловсролын шинэчлэл, Монгол Улсын өр төлбөрийг яаж барагдуулах, “Ковид-19” цар тахлыг хэрхэн давах, эдийн засгаа хэрхэн босгох талаар асууж байв. Мөн АН-аас сонгогдсон УИХ-ын зарим гишүүн “Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байна. Нэгэнт МАН олноороо түрий барьж сонгочих учраас тууштай, хариуцлагатай байгаарай” хэмээн сөрөг хүчний байр сууриа илэрхийллээ. Ийнхүү УИХ-ын чуулганд 66 гишүүн оролцож, 58 гишүүн дэмжиж 87,9 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд боллоо. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Итгэл хүлээлгэсэнд баярлалаа, цаашид зоригтой ажиллана" гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ. 1980 оны зургадугаар сарын 29-нд Улаанбаатар хотод мэндэлсэн ч Хэнтий аймагт өссөн. Ам бүл тав. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн. Бэрс дээд сургуулийг төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2015 онд Харвардын Их сургуульд суралцаж, Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
Ажлын туршлага:
2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн