УИХ-ын гишүүн асан Г.Уянга нөхөр А.Баатархуягийн хамт төв талбай дээр суулт хийж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эргэжээ. Энэ талаар Г.Уянга өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ.
"Өглөө эртээ эмнэлгээс түр гарч Ганбаа дээрээ очиж амжлаа. Уржигдар цагдаа нар намайг оруулаагүй мөртлөө коронаг оруулчихсан байгаа юм. Урьд шөнө бас ачиж явчих гээд нойргүй хонуулж. Бас цахилгааныг нь тасалчихаж, новшнууд.. 2 үсэг бичих төдийд бал царцаад хүйтэн тачигнаж байна... "Гүэ чиний минь бичиж байгаа юмнууд жинхэнэ галын дэмжлэг болж байна шүү. Анх чиний гаргаж тавьсан баримт л бараг ийш гэрт аваад ирлээ шүү дээ." гэж инээж байна. Бид гурав хуучны өлсгөлөн тэмцлээ дурсаж жаал инээлдэцгээв. "Найз нь 30 хоног бол алзахгүй ээ! Хоёр хоносон чинь толгой сийрэг сайхан ажиллаж байна.." гэв. 2 долоо хоногоос л сульдаж эхэлнэ дээ. Гэхдээ ч бидний өлсдөг байсан гучин хэдэн нас биш 50 гарсан болохоор бас ч тийм удаан хугацаанд хэцүү л дээ... Өлсгөлөн байгаа хүн их ярьж хүч алдаж болохгүй тул тэгсгээд болиулж унтаж амрах хэрэгтэй гээд хөдөллөө. Найз нь "галын дэмжлэг"-ийг бол үзүүлсээр л байх болно. Жаахан гайгүй болоод тэнхэрчихвэл хамт очоод хэвтчихмээр л байна. Олон нийт ч бидний жагсаж байсан үеэс өөр болжээ! Бид ялна аа!" гэжээ.