УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаад хоёр хонов. Тэрбээр Засгийн газрыг Оюутолгойд нэхэмжлэл гаргахыг шаардсаар байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Миний бие маш сайн байна. Өнгөрсөн шөнө 57 баатарлаг залуу намайг хамгаалж хонолоо. Тэд чин сэтгэлийнхээ дуудлагаар энд ирсэн. Шөнийн 03.00 цагт аарц авчирч өгсөн ээжүүддээ баярлалаа. Х.Нямбаатар сайд өчигдөр намайг эргэж ирж байна гээд би баярлаад байсан чинь тэр хүн явахдаа хамаг тог салгаж, төв талбайг анх удаа харанхуй болголоо. Гэхдээ би түмэн олныхоо ач буянаар өнгөрсөн шөнө дулаан хонолоо.
Би үр дүнд хүрмээр байна. Монголын ард түмэн намайг харж байгаа. Надад өөр ямар ч зорилго байхгүй. Монголчууд Оюутолгойн 400 тэрбум ам.доллартаа эзэн болбол олон хүн ажилтай, байртай болно, Монгол Улс ч өргүй болно. Үүний төлөө би 16 жил зүтгэлээ. Миний тэмцлийг өөрөөр бүү тайлбарлаач.
Ерөнхий сайд болох гэж байгаа Л.Оюун-Эрдэнэ ээ, яаралтай нэхэмжлэл явуулаач ээ. Ард түмэн үүнийг шаардаж байна. Нью-Йорк, Лондонгийн шүүх дээр 450-иад сая ам.долларын авлига өгч авсан асуудлууд нь үүсчихсэн байна. Та үүнийг хийхгүй бол эх орноосоо урвасан хүн болно" гэж мэдэгдлээ.
С.Ганбаатарын биеийг өчигдөр орой Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар очиж үзсэн бөгөөд түүний биеийн байдал "зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй" гэх дүгнэлт гарчээ.