Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн энэ оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2017 оны зургадугаар сарын 30-нд баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн, эсэх тухай маргааныг хянасан юм. Ингээд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй байхаар зааж, хүүхдээ асарч буй эцгийг орхигдуулсан нь Үндсэн хуулийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна”, “Хүнийг нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхаж үл болно”, “Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн дүгнэснээ УИХ-д хүргүүлээд буй. Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн хуулийн заалтуудыг энэ оны долдугаар сарын 1-нээс түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Байнгын хорооны хурлаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа, түүнчлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зохих заалтыг долдугаар сарын 1-нээс түдгэлзүүлэхээр болсон нь хуульд өөрчлөлт оруулах, шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэхэд зориуд тавьж өгсөн хугацаа гэж ойлгож буйгаа хэлж байв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь ҮХЦ-ийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ.
Дараа нь Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товлосон ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ асуудлаар завсарлага авснаар байнгын хорооны хурал өндөрлөсөн юм.
Бэлтгэсэн: А.Амина