УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр өглөөнөөс эхлэн Засгийн газар Оюутолгойд нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс хойш 24 цагийн хугацаа өнгөрөөд байна. Тэрбээр өнгөрсөн шөнө Сүхбаатарын талбайд майхан барьж хоносон байна.
Өчигдөр түүнийг дэмжиж, жагсаалд оролцож байсан нэг иргэн ковид-19-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсантай холбогдуулан цагдаагийнхан талбайг хамгаалалтад авсан юм. Албаныхан шөнийн 02:00 цаг хүртэл төв талбай руу хэнийг ч оруулж, гаргахгүйгээр хамгаалж, ариутгасан гэнэ.
С.Ганбаатарын эсэргүүцэл олон нийтэд гарын үсэг зурах хэлбэрээр үргэлжилсээр байна. Тэрбээр "Бид Олон улсын шүүхэд тодорхой хугацаанд нэхэмжлэл гаргахгүй л бол дахиж Монголын ард түмний эрх ашгийг хамгаалах, Оюутолгойг хэлэлцээрт оруулах боломжгүй болно. "Рио Тинто" Монголын ард түмэнтэй гэрээ байгуулахдаа луйврын аргаар буюу Монгол улсын сайд нарт авлигал өгч байгуулсан гэдэг нь Олон улсын шүүхээр нотлогдож, хөрөнгүүдийг нь царцаасан баримт ил байна. Одоо Монгол улсын Ерөнхий сайд сөрөг нэхэмжлэл гаргах ёстой" хэмээж байгаа юм.