УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр өглөөнөөс эхлэн Засгийн газар Оюутолгойд нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төрийн ордноос гарч ирж, түүнтэй уулзахдаа ийнхүү ярив.
Х.Нямбаатар: Нэгдүгээрт, таныг эрүүл мэндээ бодох ёстой гэж Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлүүлж байна. Хоёрдугаарт, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулсан бөгөөд тодорхой үр дүнд хүрч байгааг танд албан ёсоор хэлэх нь зүйтэй.
2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Рио Тинто компанитай хэлэлцээрийн ширээний ард суусан. Засгийн газрын зүгээс анх удаа хөрөнгө оруулагч талд дараах саналыг тавьсан. Нэгдүгээрт, Дубайн гэрээг бүрмөсөн цуцлах, хоёрдугаарт, 2009 онд байгуулагдсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчилье гэсэн шаардлага тавьсан. Дараа нь буюу 2021 оны нэгдүгээр сарын 18-нд манай ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай цахимаар хуралдах үедээ "Засгийн газрын шаардлагыг хүлээж авахгүй бол 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг бүрмөсөн цуцлах арга хэмжээ авна" гэж мэдэгдсэн. Үүнийг хөрөнгө оруулагч тал нэлээд цочирдож хүлээж авсан.
Бид тантай үзэл бодол нэг байгаа учраас энэ асуудлыг хамтдаа шийдвэрлэе гэсэн үүднээс танд хамтарч ажиллах санал тавьж байна.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар хараахан томилогдоогүй учраас таны шаардлагыг шууд хүлээж авах боломжгүй байна. Түүний Засгийн газрын хийх хамгийн чухал ажил бол Дубайн гэрээг цуцлах.
Цэрэг, цагдаа хөдөлгөөд Оюутолгой төслийг зогсоовол манай улс олон улсын гэрээг зөрчсөн болно. Тиймээс Засгийн газар энэ асуудалд уян хатан хандах хэрэгтэй" хэмээн С.Ганбаатарт хандан хэллээ.
Харин үүний хариуд С.Ганбаатар "Өнөөдөр л ямар нэгэн тодорхой шийдвэр өгөөч. Хэзээ шийдвэр гарах вэ. Тэр болтол би өлсгөлөнгөө зогсоохгүй. Харин намайг ажлын хэсэгт орж ажилла гэж байна. Хэрвээ би Ажлын хэсэг дээр орлоо гэхэд өөрийнхөө санаа бодлыг дүрэм болон хуулинд тодорхой бичнэ шүү" гэв.