Сүүлийн үед коронавирусын халдварын голомт болсон Энх саран сувиллын эзэн хэн бэ гэх асуулт нийгмийн анхаарлыг ихэд татах болсон. Тэгвэл уг сувилалтай холбоотой баримтыг сэтгүүлч Б.Отгон цахим орчинд дэлгэж шуугиан тариад байна. Түүний ил болгосон мэдээллээс харвал Энх саран сувилал нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай хамаарал бүхий байж болзошгүй байгаа юм.
Тэрбээр, “Энх саран сувиллыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын улс төрийн хамтрагчийн гэр бүлийнхэн эзэмшдэг. “Энхсаран” сувиллын захирал нь н.Ганчимэг гэдэг эмч байдаг. Нөхөр нь Очирпүрэв. Тэд О.Түмэндэмбэрэл, О.Түмэнбаяр, О.Түмэн-Өлзий гэсэн гурван хүүхэдтэй. Очирпүрэвийн Түмэнбаяр нь “Энхсаран” ХХК-ийн захирал. Охин О.Түмэндэмбэрэл нь сайд Х.Нямбаатарын ойрын найз, улс төрийн хамтрагч, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Мангалжавын Жаргалсайханы эхнэр. Тэд гэр бүлээрээ Сайд Х.Нямбаатартай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа . О.Түмэндэмбэрэл 2011.11.08-нд “Аздентал” ХХК-ыг байгуулсан. Харин 2017.09.19-өөс Х.Нямбаатар гишүүний үүсгэн байгуулсан “Нямбаатар” сангаас зохион байгуулсан “Хүүхдийн инээмсэглэл” төслийг “Аз” шүдний эмнэлгээрээ дамжуулан түүний тойрог болох Сонгинохайрхан дүүргийн 65,9 дүгээр сургууль болон 80, 84, 91, 226 дугаар цэцэрлэгт 2020 оныг хүртэл хэрэгжүүлсэн. Энэ нь тэднийг Х.Нямбаатартай хэр ойрхон найзууд гэдгийг нь батална" гэж бисэн байдаг.
Тэгвэл дээрх мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар үгүйсгэж, ор үндэсгүй гүтгэлэг хэмээн мэдэгдэв. Тодруулбал, тэрбээр цахим хуудсандаа,
"Энэ бол ор үндэсгүй, гүжир гүтгэлэг! Худал үгийг мянга давтвал үнэн болдгийн жишгээр би дуугүй явсаар олон ч хуулийн эх баригч, санаачлагч болсон удаатай! Одоо бүр сайхан, номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг л болж. Үнэн гутлаа өмсөх зуур худал хорвоогийн талыг туулах юм" гэж бичжээ.