УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаараа хэд хэдэн асуудалд байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал, Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барихаар болсон байна. Эл хуулийг УИХ-аар 2014 оны долдугаар сарын 1-нд батлан, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм. Анх өргөн барьсан төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байв. Гэвч хууль хэрэгжих явцад шилэн данс хөтлөхгүй байх, буруу, худлаа хөтлөх, шилэн дансанд мэдээлснээ засах, илэрхий зөрчил гаргасан ч хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөөх зэрэг нийтлэг зөрчил илэрч байна гэж УИХ дахь намын бүлэг үзсэн аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат “Шилэн дансны тухай хуульд хариуцлагын асуудал гээгдсэн. Одоо мөрдөж буй хуулиар төсвийн хөрөнгөөс таван саяас дээш төгрөгийн гүйлгээ хийвэл шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг нэг сая төгрөг болгон бууруулах, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй байлгах өөрчлөлтийг оруулах шаардлагатай. Зарим яам, агентлаг Шилэн дансны тухай хуулийг огт мөрддөггүй. Үүнийг нэг мөр болгож, хариуцлагажуулах хэрэгтэй. Олон нийтийн хүсэлт, шаардлага ч ийм байгаа. Бидний санаачилсан төслийг олонхын бүлэг дэмжиж, энэ онд багтаан батална гэдэгт найдаж байна” гэв.
Мөн ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь одоо цагт үүссэн асуудлыг бүрэн шийдэж чадахааргүй байгаа учраас шинэчилсэн найруулгын төсөл оруулж ирж батлах шаардлагатай гэж үзжээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “1990-ээд онд ШУА-ийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс өөр байсан. Тэр үед батлагдсан энэ хуулийг бага зэрэг өөрчилснөөр ШУА-ийн цаашдын хурдацтай хөгжлийг бүрэн тодорхойлж, салбарын харилцааг зохицуулж чадахгүй. Тиймээс шинээр, томхон өөрчлөлт хийсэн хуулийн төсөл оруулж ирэх шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн бүлгийн хурлаар стратегийн ордуудын талаар мэдээлэл сонсжээ. Багануур, Шивээ-Овоо, Цагаан суварга, Асгатын ордын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хугацаа нь хэтэрсэн, төлж чадахгүй зээлийн хэмжээ, хөрөнгө оруулалт, хэдий хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй зэрэг холбогдох мэдээллийг салбарын сайдаас нь авсан байна.
Бэлтгэсэн: А.Амина