Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүнээр Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг томилов. Ингэснээр ХЭҮК гурав бус, таван гишүүнтэй ажиллана. Мөн тэдний жендерийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүний 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар хуульд заасан бөгөөд гурван бүсгүйг томиллоо. ХЭҮК-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд нэг удаа “улирааж” болох юм. Харин даргыг нь УИХ-ын даргын санал болгосноор парламент томилохоор хуульчилжээ.
Тэднийг томилохоос өмнө 20 гаруй гишүүн асуулт тавьж, байр суурийг нь сонссон юм. Заримыг нь онцолбол, гишүүн Б.Энхбаяр:
-Нэр дэвшиж байгаа бүх хүн улс төрийн нөлөөлөлгүй бөгөөд мэргэжлийн байх шаардлагыг хангаж байна. Гэхдээ улс төрийн зориг дутаж магадгүй. Та бүхэн УИХ-аас мандат авч байгаа учраас ХЭҮК-ын дээр парламентаас өөр юу ч байхгүй. Зоригийг тань шалгасан ганц асуулт тавья. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлагыг чөлөөлдөг, бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг хууль, эрх зүйн орчныг 2019 оны гуравдугаар сард бүрдүүлсэн. Үндсэн хуульд заасан, шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг энэ хууль зөрчдөг үү. Дэлгэрэнгүй тайлбарлахгүй, “тийм”, “үгүй” гээд хариулсан ч болно.
Г.Занданшатар (УИХ-ын дарга):
-УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн гишүүн шиг “тийм”, “үгүй” гэж тулгасан хариулт шаардсан асуулт тавих хууль зүйн үндэслэл байхгүй. Хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүсэн, авлигад идэгдсэн шүүх засаглалынхныг хориглох арга хэмжээ заавал байх ёстой. Хүний эрхийг хангахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналт тавих ёстой. Нэр дэвшигчид энэ хүрээнд хариулна уу.
Ж.Хунан: -Энэ хууль хүний эрхийг шууд зөрчөөгүй. Хүний эрхийг хамгаалдаг шүүгчийн томилгоотой холбоотой судалгаа хийж байсны хувьд энэ зохицуулалт эрсдэл бий болгож байгаа ч шууд зөрчсөн гэж хэлэхгүй. ҮАБЗ-ийн зөвлөмжийг хүлээж авах, эсэхийг Шүүхийн ерөнхий зөвлөл шийдэж байгаа.
Д.Сүнжид: -Шүүх бие даасан, хараат бус байх нь Үндсэн хуулийн үзэл баримтлал. Энэ үзэл баримтлалтай нийцэж байна уу гэвэл үгүй. Энэ хэрээр эрсдэл дагуулна. Хүний эрх зөрчигдлөө гэхэд нэн тэргүүнд сэргээх буюу эцсийн шийдвэр гаргах субъект нь Үндсэн хуулийн дагуу шүүх байдаг.
Х.Мөнхзул: -Шүүх эрх мэдэл хараат бус байж гэмээнэ хүний эрх хамгаалагдана. Тиймээс энэ хууль шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байна.
Г.Нарантуяа: -Шүүх хараат бус байх ёстой. Энэ хууль батлагдсаны дараа өөрийн цахим хуудсанд “Жоомоо алах гээд байшингаа шатаав”, “Хуульчид хоосон цэцэрхээгүй” гэсэн хоёр нийтлэл бичиж, үзэл бодлоо илэрхийлсэн.
Б.Энхболд: -Судлаачийн хувьд хэлэхэд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ҮАБЗ ийм эрхтэй байж болно. Иймээс ч энэ хуулийг баталсан болов уу. Иргэдийн шүүхэд итгэх итгэл суларсан үед ийм хууль баталсан нь цаг үеэ олсон байх. Уг хууль тодорхой хугацаанд үүргээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг тогтвортой мөрдөх нь хүний эрх, эрх чөлөөг зөрчих, шүүх хараат бус байхад бодитой аюул учруулна. Үүнийг олон улсын туршлага, жишиг ч харуулдаг. Одоо үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бол шүүхийг хараат бус байлгах Үндсэн хуулийн зарчмаа тууштай баримталсан нь зөв.
Б.Энхбаяр: -Та бүхэнд зориг байгаа, эсэх нь тодорхой харагдаж байна. ХЭҮК бол Үндсэн хуулийг сахиулагч. Үүний төлөө хэнтэй ч үзэлцэх чадвартай байх ёстой. Индэр дээрээс дарга үг хэлэнгүүт Үндсэн хуулиа нулимж байгаа бол хүний эрхийн манаанд зогсож чадахгүй шүү, Ж.Хунан болиорой. Даргаас айж байгаа бол хүний эрх хамгаалахгүй ээ. Та Хуульчдын холбооны ерөнхийлөгч байсан шүү дээ. Энэ хуулийг баталж байхад Хуульчдын холбоо юу гэж дуугарсан юм бэ. Ц.Нямдорж сайд Хуульчдын холбоог татан буулгах гээд явж байхад та хаана байв.
Г.Занданшатар: -ХЭҮК бол Үндсэн хуулийн цэц биш. УИХ-ын баталсан хуулийн зөв, бурууг зөвхөн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх хуультай. УИХ-ын гишүүд олон ургалч байдлаар үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ энэ бол хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш.
Ё.Баатарбилэг: -Томилогдвол ийм, тийм ажил хийнэ гээд нэр дэвшигчдийн зарим нь олон ажил төлөвлөж байгаа байх. Зарим нь ч УИХ-ын хэлэлцүүлгийн ард ингэсхийгээд гарчихна гэж бодож суух шиг. Хэлж байгаагаас нь харахад хамгийн эхэнд хариулаад байгаа хүн Үндсэн хуулийнхаа хүний эрхийн зарчмыг мэдэж байгаа, эсэх нь эргэлзээтэй, их бөөрөнхий яриад байх юм. Ж.Хунан гэж хүн эрч хүчтэй ажиллана л гээд байна.
Ч.Хүрэлбаатар: -Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Шинэ хандлага мэдрэгдэж байгаа учраас горьдлого төрж сууна. Бүгд л өндөр боловсролтой, хүний эрхийг дээдэлдэг Америк, Австрали, Герман зэрэг оронд суралцаж, амьдарч байсныг намтраас нь харлаа. Хүний эрхийг хамгаалаад эхлэхээр хүссэн, хүсээгүй эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгний эрх ашгийг хөндөж таарна. Тэр эзэн хэвлэл мэдээллийн өөрийн гэсэн хэрэгсэлтэй, өмнөөс нь “хуцдаг” нохойтой. Зарим “нохой” нь хазна. Ийм үед та бүхэн байр суурь, зарчмаа хатуу барьж ажиллаарай. Бусдын бууны нохой битгий болоорой. Зарим хүн үүнийг “зориг” гэж тодорхойлоод байх шиг байна. Нэг хүний асуудал гээд хэрхэвч орхиж болохгүй. Хоёрдугаарт, Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа 137 орноос 110 дугаар байр эзэлсэн байна. Шүүх нь хэн нэгнээс хамааралтай байхад хүний эрхийг яаж хамгаалах юм бэ. Энэ бол гамшиг, бидний алдаа, дутагдал шүү. Үүнийг засахад та бүхний оролцоо асар их. Хараат шүүхтэй улсын иргэдийнх нь эрх хараат л байна гэв.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН “АЛДААГАА” ЗАСАВ
Энэ өдөр УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулав. Тодруулбал, УИХ энэ оны тавдугаар сарын 7-нд уг хуулийг шинэчлэн баталсан. Ингэхдээ 38.2-т “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” гэж заасан бөгөөд үүнд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан билээ. Эл хоригийг УИХ наймдугаар сард буюу шинээр бүрдсэнийхээ дараа хуралдуулсан ээлжит бус чуулганаар хэлэлцэж, хүлээж авсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд халдсан гэж парламент хүлээн зөвшөөрсөн хэрэг. Нэгэнт хоригийг хүлээн авч, хуульд холбогдох өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд тусгасан 10 гаруй эрхээр хязгаарлагдахаа больж байна.
Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгасан 26.1 буюу “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэх заалтад нийцүүлэн 38.2-ыг УИХ-ын тухай хуульд оруулсан. Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулсан нь ч учиртай. Эрүүгийн болон иргэний хууль, төсөв, татвартай холбоотой, мэргэжлийн яам нь боловсруулбал зохих хууль, тогтоомжийг УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч санаачилдгийг болиулахын тулд 38.2 дахь заалтыг тусгайлан оруулж, тодорхой хязгаар тавьж буйгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр хэлж, тайлбарлаж байсан.
С.БАТХҮЛЭГИЙГ ТАНИЛЦУУЛСАНГҮЙ
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийсэн юм. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцуулсан. Өмнө нь байнгын хорооны хуралдаанд Ц.Цогтоос гадна С.Батхүлэгийг танилцуулсан ч түүнийг эрх ашгийн зөрчилтэй, уг албан тушаалын шалгуурыг хангаагүй хэмээн гишүүд хүчтэй эсэргүүцсэн билээ. Үүнээс болсон уу, юутай ч С.Батхүлэгийг нэгдсэн хуралдаанд танилцуулсангүй. Дээд шүүхийн шүүгчийг одоо Ерөнхийлөгч томилох ёстой.